Friday, January 14, 2011

Ганцаардлын тухай яриа

Г.Аюурзанын "Дурлалгүй ертөнцийн блюз"-ын есөн эсээ бодрол , эргэцүүлэл хэсэгт багтсан Ганцаардлын тухай яриа . Уншиж үзээрэй за ,огт бодож байгаагүй өнцгөөс чинь харсан ч юм билүү .



1.

Аль ч үед ганцаардаж ганихарсан хүн л амьд явахын утга учир , мөн чанарыг илүүтэй олж харсан байдаг . Ганцаардаж үзээгүй хүн амьдралаас залхсан байдаг юм билээ. Та эргэлзэж болно л доо , <Харин ч олны дунд наргиж , үймж хөгжилдөж яваа хүн амьдралын баяр баясгаланг илүүтэй олж хүртмээр юм > гэж хэлж ч мэднэ . Ихэнх хүн ингэж боддог ч нарийндаа тэр завтай зугаатай хүмүүс амьдралынхаа мөн чанарыг ойлгож чаддаггүй байх нь олонтаа .

Яагаад ?

Гаргалгаа нь тун энгийн : Хүн ерөөсөө ганцхан хувь амьтан . Орчлонгийн хаана ч яг над шиг хүн өөр байхгүй . Тиймээс ч хэн нэгний баяжсан туршлага надад таардаггүй . Нэгэн айлын жаргалтай амьдралын нууцыг олж мэдлээ гэхэд бусад гэр бүл жаргачихдаггүй . Нэг жаалыг сайн хүн болгосон хүмүүжлийн арга өөр хүүхдийг адгийн новш болгохыг ч үгүйсгэх аргагүй .

Амьдралын бэрх үе тохиолдоход хүнд өөрөөс нь өөр хэн ч тус болдоггүй . эцэг эх төрсөн ах дүүс хүний хамгийн ойрын төрөл садангууд мөн л дөө . Гэхдээ тэдний хэн нь ч өөрийнхөө амьдралаас илүү үнэтэй хэн нэгний эрх ашгийг олж харах нүдгүй байдаг . Тэд ч тус бүрдээ нэг нэг хувь хүн . Тэдэнд ч өөрийн гэсэн ганцаардах шалтгаан бий . Тэдний ганцаардлыг хуваалцах гэж оролдвол , яг чиний ганцаараа байх хүслийг хэн нэгэн үймүүлэн бусниулахтай адилхан . Учир нь ганцаардал , ганцаархнаа толгой мэдэн аливааг шийдвэрлэх эрх чөлөө гэдэг хүний хувьд хамгийн нандин , халдашгүй эрх юм . Яг л ийм шалтгаанаар шийдвэрлэх мөчид эцэг нь хүүгээсээ , ах нь дүүгээсээ урвадаг . Энд хүний мөс ердөө хамаагүй .(?) Угаасаа бидэнд өгөгдсөн чанар нь тийм юм . Дээр нь бид тус бүрдээ ганц ганцхан хувь юм .

-Хэн ч туслахгүй ! Xэн ч ойлгохгүй ! Хэн ч миний өмнөөс зовж шаналахгүй !Би , зөвхөн би л өөрийнхөө ертөнцийг бүтээнэ ! Өөр арга байхгүй

Энэ бол эрүүл ухаан . Үүнийг арай өөр өнцгөөс харж ч болно . Тэр нь юу байх вэ гэвэл :

- Хэнд ч туслаад нэмэргүй ! Xэнийг ч зөв , чин үнэнээр нь ойлгох боломжгүй ! Хэний ч оронд би жаргаж цэнгэхгүй ! Хэн ч өөрийнхөө ертөнцийг , би байсан байгаагүй бүтээх л болно! .(?)

Ялгаагүй нэг л зүйл . Үүний үндэс бол ганцаардал юм . Гэхдээ ганцаардал гэдэг тухайн ганцхан хувь хүний дотоод ертөнцийн тусгал биш . Ганцаардсан хүний гэр бүл ч ганцаардана . Ганцаардмал гэр бүлийн гишүүдийн тоо тав , арав , хорь байсан ч ялгаагүй , тэндээс ганцаардал арилахгүй . Тэдгээр хорин хүн өөр хоорондоо хичнээн халуун дотно , бүх л зовлон жаргалаа хуваалцдаг ч бай , ялгаагүй . Ганцаардал хэзээ ч үгүй болохгүй . Гэхдээ чухам ийм гэр бүлүүд л нийгмийн хамгийн оюун санааны дээд төвшинд орших магадлалтай . Тэндээс төрөн гарсан ганцаардмал цонхигор иргэд идэмхий , уумхай наргианч , жаргалтай хүмүүсээс сэтгэхүйн хувьд хамаагүй түмэнтээ илүү байх тавилантай . Үүнийг ямар нэг жишээн дээр нотлох гэж оролдмооргүй байна . Хэлэх гэсэн санаа минь юу вэ гэвэл

-ХҮН ГАНЦААРДАЖ БАЙХ ЁСТОЙ

Энэ бол гагцхүү дотоод ертөнцийн , оюун санааны ганцаардлын тухай яриа шүү .

2.

Хэзээ ч билээ надад үндэслэл муутай хэрнээ тун сонин санаа төрсөн юм . Та Гарсиа Маркесын <Зуун жилийн ганцаардал >-ыг уншсан байлгүй . Энэ роман тэгтлээ амжилт олсны нууц нь ердөө л Soledad (Ганцаардал ) гэсэн үгэнд байгаа юм шиг санагдаж билээ . Ганцаардал болон хүний сэтгэлийн гүнд нэвчих чадвараараа Хайр дурлал , Үхэл , Бурхан зэрэг үгсээс дутахгүй эрч хүчтэй шүү .

3.

Ганцаардал гэдэг маань ингэхэд юу билээ ? Түүнийг юутай жишиж адилтгаж болох вэ ?

Гадаад ертөнцтэй , бусад хүмүүстэй зохицон нийцэж чадаагүйдээ л хүн ганцаарддаг . Ер нь олонтой нэгдэж алхаа нийлж явна гэдэг бусдын боддогийг л бодоход хөтөлдөг . Бусдын үзэл бодол хүнд хор гай учруулахгүй л бол дээд , хэзээ ч тэдгээрээс ашиг тус горилох хэрэггүй . Хүнд өөрийнх нь дотоод ертөнцөөс нь өөр хаана ч аврал байхгүй .

Энэ л шалтгааны улмаас нийтэч хүн ганцаардмал хүнээс хавьгүй дооогуур сэтгэлгээтэй байдаг . (??) Магадгүй төрөлхөөсөө сүргийн сэтгэхүйтэй хүмүүс олны аяыг дагамхай байдаг ч байж болох юм . (?)

Гав ганцаархнаа суугаад юм бодох гэж сайхан зүйл үгүй . Тийн суухад хурц гэрэл ч садаа болдог . Тиймээс ганцаардлыг бүрэнхийтэй зүйрлэвээс онох мэт . Ганцаардалд бас ямарваа чимээ шуугиан харш . Эндээс ганцаардлын туйлын орчинг тодорхойлж болно . Харанхуй , аниргүй . Ганцаардлыг дүрчлэн төсөөлөхийн тулд нүдээ аньж чихээ таглаад үзэж ч болох шүү дээ. Хот орон , эд хогшил , түмэн авиа алга болж , гагцхүү дотоод би .

Хэрэв зээ , амьдралынхаа тодорхой хэсгийг ийм маягаар өнгөрөөх юм бол чи ганцаардлын туйлд хүрнэ ... Дорно дахины гүн ухаанд “ Чиний доторх эрдэнэсийн санд бүх юм бий . Чи тэдгээрийг эзэмших эрхтэй . Гаднаас юу ч хайх шаардлагагүй “ гэсэн сургааль бий .Энэ бол мэргэдийн зохиомжилсон ганцаардлын магтуу .

Ганцаар хүн хэнээс ч үл хамаардаг . Тухайн агшинд түүний дотор төрөх бодол бүхэн мэргэн , энэ бодолдоо үнэнч явбал хойчийн болоод хөндлөнгийн юу ч аймшигтай бус . “ Анхны санаа бол Бурхны санаа “ гэж ярьдаг . Энэ бол чиний бусдаас олж сонсоогүй , цэвэр өөрт чинь төрсөн тэр санаа л туйлын аугаа гэсэн үг . Хорвоод чамайг эрхшээн дагуулах далдын хүч гэж үнэндээ үгүй , тийм хүч бий бол гагцхүү чамд өөрт чинь л бий

..... Би хүний оршихуйн уг үндэс болсон ганцаардлыг дотоод эрчим хүч гэмээр байна ...

P.S уйдаад уншихаа больчих болуу гээд зарим нэг хэсгийг нь хаслаа , сонирхвол номыг нь авч болно шүү .

Нээрээ манайхан юу хийцгээж байна , одоо бараг амарлаа шд тээ (зарим нь ) , гадагшаа гарахгүй л бол нэг өдрийн амьдрал ч нэг иймэрхүү л болчоод байна дөө :D онгирч байгаан биш за юу





2 comments:

  1. Өмнө нь уншсан шиг гүнзгий сэтгэгдэл төрүүлэхгүй , санал огтоос нийлэхгүй нь хүлээн зөвшөөрөхөөсөө их байгаа нь уг зохиолчийн "Гурамсан цадиг " -ийг уншаад " бишрэн шүтэх " :p сонирхол буурснуу эсвэл тэгэж их ганцаардахаа больсноос уу бүүр эсвэл сүүлийн хэдэн сар нүүрлээд байгаа оюуны доройтлоос болсон уу мээдкү .Гэхдээ ном бүр л тодорхой хэмжээгээр зохиолчийн хувийн амьдралтай холбоотой бичигддэг , асар том ертөнцийг бид өөр өөрсдийн гэсэн жижигхэн цоожны нүхээр шагайж байгаатай адилхан (Before sunset-н Jesse энэ үг нь их таалагдсын ).

    ReplyDelete
  2. Хайртай хүн минь Найз нөхөд минь орхиод явах тэр үед би амар тайвныг мэдэрч билээ. Маш их ганцаардаж бас үгүйлнэ. Хэн ч санаа тавин ярихгүй, уулзахыг ч хүсэхгүй тийм л хэрэггүй хүн болсон доо.
    Ганцаардал таалагдаж байна.

    ReplyDelete