Саяхан даа саяхан. Бүр хэдхэн сарын өмнө өөрөөс нь өөр хэнд ч заяамгүй яв ягаахан өнгөтэй нэгэн сарнай Нийслэлийн цэцгийн нэгэн дэлгүүрийн цонхон дээр тавигдсан юм.
Дэлбээлээд хэдхэн хонож байтал цэцгийн дэлгүүрээр санаандгүй орж ирсэн нэгэн залууд тэр дурлачихаж гэнэ. Учир нь тэр залуу хамгийн түрүүнд түүнийг хараад “Сарнай, чи ямар үзэсгэлэнтэй юм бэ?” хэмээн дуу алдсан юм. Тэгээд л гэнэн хонгор сарнайхан хамгийн түрүүнд өөрт нь хамгийн сайхан магтаалыг хэлсэн өнөөх залууд дурлачихсан юм байж. Тиймээс ч тэр өдрөөс хойш өнөөх ягаахан сарнай хаалга онгойх бүр өндөлзөж, өнөөх залууг хүлээн, өнгө зүсээ засан суудаг болжээ. Хайрт залуу нь ч түүнийг удаан хүлээлгэсэнгүй. Маргааш нь л ороод ирж гэнэ. Тэгээд л ягаахан сарнайг ширтэн зогсоод “Чи минь ямар үзэсгэлэнтэй вэ?” хэмээн магтаалын үгс урсгаж гарав. Энэ өдрөөс хойш залуу бяцхан сарнай дээр ирээгүй өдөр гэж үгүй. Эхэндээ өдөрт ганц ирдэг байснаа хоёр, сүүлдээ гурав, тэгж байгаад түүнээс ч олон ирдэг болов гэнэ. Сарнайхан ч түүнийг харах бүртээ өнгө зүсээ засан, дэлбээгээ хамгийн сайхнаар дэлгэдэг байжээ. Энэ бүхнийх нь хариуд залуу ч хамгийн сайхан магтаалыг түүнд хэлдэг болж. Гэтэл нэгэн өдөр залуу түүн дээр ирээд “Чи бид хоёр танилцсаар сар болох гэж байна. Хайр нь чам дээрээ маргааш ирье” гээд гарч оджээ.
Хачин их догдолсон сарнайхан маргааш өглөө нь нар руу өнгөлөг дэлбээгээрээ хөгжилтэй нь аргагүй даллан мэндчилээд, дуу аяланхан хөрсөндөө үндэсээрээ улам гүн шигдээд, ишнээсээ шинэхэн нахиа дэлгэрүүлжээ. Тэгээд шинэхэн нахиагаа өхөөрдөн хайрлахын зэрэгцээ хайрт залуу нь түүний бэлдсэн энэхүү үнэт бэлгийг хараад хичнээн их баярлах бол гэж бодон хөгжил хөөртэйгээр ирэх цагийг нь хүлээлээ. Дэлгүүрт хүмүүс орж гарсаар байвч түүний хайртай залуу ирсэнгүй. Сарнайхан “Өнөөдөр бид хоёрын танилцсаны нэг сарын ой шүү дээ. Тэр ирнэ ээ” хэмээн өөрийгөө тайтгаруулж, үдшийн нарыг жарган жаргатал хаалга руу өндөлзсөөр л байв. Тэгээд саран мандахад тэр мөн л өнгөлөг дэлбээгээрээ даллан мэндчилээд, цонхоор зам ширтэн суужээ. Сарнай энэ үед ч бас л өглөөний адил баяр хөөртэй хэвээр байв. Тиймээс ч тэр гудамжаар өнгөрсөн хүн бүртэй, тэр ч бүү хэл хэн нэгний дагуулан яваа нохойтой хүртэл дэлбээгээ даллан мэндчилсээр байлаа. Тэгж байгаад хэтэрхий олон хүнтэй мэндэлсэндээ ч тэр үү, эсвэл хэтэрхий их догдолсондоо ч тэр үү, хачин их ядраад, өөрөө ч мэдэлгүй зүүрмэглэчихжээ. Түүний өглөөхөн дэлбээлсэн бяцхан нахиа ч бас нам унтчихаж. Гэтэл түүний зүүдэн дунд хэн нэгэн цонхыг нь зөөлхөн тогшоод, “Сарнайхаан” гэж дуудав. Сарнай цочин сэртэл хайртай залуу нь цонх тогшоод, түүн рүү инээмсэглэж байна.
Сарнай ч дэлбээгээ цэмбийтэл дэлгээд, нахиагаа яаран сэрээж, яг л хүндэт харуул шиг ёслон зогслоо. Тэгсэн хэрнээ түүний дэлбээнд бяцхан ичингүйрэл тодорчээ.
Тун ч удалгүй залуу сарнайханд ойртон ирээд, нөмөр нөөлөгтэй, дулаахан хөрснөөс нь сугалан авав. Сарнайхан “Яана аа” хэмээн дуу алдсан боловч залуугийн тунгалагхан нүдтэй харц тулгараад ичингүйрэн доош харав. Гэтэл залуу түүнийг зөөлхөөн илбээд, нүдээ аньж, уруулаа цорбойн ойртоход нь хачин их догдолсон сарнайхан нүдээ тас анилаа. Залуу “Миний хонгор Сарнайхан минь. Чи бол энэ ягаахан сарнайнаас ч хамаагүй илүү гоо үзэсгэлэнтэй. Энэ дэлхийн цорын ганц амьд Сарнай” гэх нь тэр.
Ягаахан сарнай гэнэт цочин эргэж харвал түүний хайрыг булаасан залуу нь цэцгийн дэлгүүрийн худалдагч охиныг чангаас чанга тэврээд үнсэж байлаа. Үүнийг харсан ягаахан сарнай тэр дорхоноо л “амь тавьчихав”. Бүр өглөөхөн дэлбээлсэн бяцхан нахиа нь хүртэл…
Энэхэн агшинд залуугийн гал мэт халуун үнсэлтэнд уярсан бүсгүй гартаа байгаа гандчихсан сарнайг алгуурхан газарт алдлаа. Тэгсэнээ тэд хөөрхий сарнайг ор тас мартаад гарч оджээ. Ингээд хайрын хүчээр сар гаруй өнгөлөгөөр гэрэлтсэн ягаахан сарнай ганцхан агшины дотор гандаж орхих нь тэр ээ.
Гэвч ингээд л түүх дуусчихсангүй. Өглөөгүүр цэвэрлэгч эмгэн шал арчиж явах зуураа аль хэдийнээ гандчихсан сарнайн дэлбээнүүдийг түүн хогийн сав руу зүглэх зуураа “Сарнай чи гандчихсан ч гэсэн надаас илүү үзэсгэлэнтэй байх юм” хэмээн ам алджээ. Гэтэл энэ үгийг гандажээ байсан нэгэн дэлбээ олоод сонсчих нь тэр. Ингээд л тэрээр шинэхэн дурлалын эзнээ олж харах гэж өндөлзөх зуур гүн хар ангал дотор, бөөн тоос шороон дунд унав. Гэсэн ч тэр цөхөрсөнгүй. Шинэхэн хайраа хайсаар, ангалын амсар руу өндөлзсөөр байлаа. Даанч удалгүй дээрээс нь бөөн хар юм унаад ирэв. Хормын дараа гэхэд дурлалаар хоёр дахиа амьдарсан бяцхан дэлбээ амьсгалж ч чадахаа болилоо. Гэвч тэр бяцхан дэлбээ эцсийн амьсгалаа авч байхдаа хүртэл зүсийг нь ч үзээгүй хэн нэгнийг хайрласаар л байлаа…
Учир нь тэр сарнай өөрийгөө цэцэг биш, хүн гэж боддог байсан юм. Тиймээс ч түүний бяцхан дэлбээнүүдийн дунд хэн бүхнээс хүчтэй, эрчтэй зүрх цохилж байлаа.
Thursday, August 26, 2010
ТЭР ХАЙРЛАСААР Л БАЙЛАА...
Labels:
Уран зохиол
Subscribe to:
Post Comments (Atom)
бид л өөрсдөөсөө бусдыг хайхардаггүй болохоос ийм хувь тавилантай САРНАЙ зөндөө байгаа даа ,
ReplyDelete