Friday, November 12, 2010

Ээжийнхээ ачийг хариулчихлаа

Хичээлийн шинэ өдөр эхэлж журнал, сурах бичиг, сурагчдынхаа зассан дэвтрийг барьсаар ангийн хаалгыг татан орлоо.Ээжийнхээ ачийг хариулчихлаа Газар тэнгэр нийлэхнүү гэлтэй байдаг анги энэ өдөр бодож байснаас нь тэс ондоо байхыг хараад “Ширээ ширээндээ сууцгаа” гэж байнга шахуу хэлдэг үгээ багш мартаж орхив. Багшаа харсан ганц хоёр хүүхэд ширээ рүүгээ гүйж, цүнхний цоож хавиралдах, үзэг балны таглааны чимээ таг яг гэж сонстоно. Багш бүр гайхаж орхисон ч хичээлээ заах ёстой учир самбар дээр он сар өдрөө бичээд сурагчдын ирцийг бүртгэлээ. Ирц бүртгэж дуусаад урьд шөнө нь нойроо хасан байж зассан сурагчдын дэвтрийг нэг бүрчлэн дуудаж алдааг нь хэлж өгч, зэмлэх нэгнийг нь зэмлэн, магтах нэгийгээ магтаж яваад адаг сүүлд нь атаат дайсан мэт болсон Гялбаагийн дэвтэртэй үлдлээ.
Гялбаа хүрээд ир гэтэл үхэрт долоолгочихсон уу гэлтэй үсээ мөлчийтөл нь самнаж, энгэрийн товчоо зөрүү ч гэсэн бүгдийг нь товчилчихсон төрөл арилжсан нэгэн гараад ирэх нь тэр. Багш сая л нэг анги нь яагаад яагаад чимээгүй байгааг гадарлаж, хэргийн эзэн хэнгэргийн дохиур Гялбаа бусдыгаа уруу татаж үймээнийг дэгдээгээгүйг ойлгожээ. Гялбаагийн толгойноос гавьтай зүйл гардаггүй учир багш энэ байдлыг нь сэжиглэн “За Гялбаа минь чи ямар хэрэг сэдчихээд өнөөдөр намайгаа зовоох гэж байгаа болдоо” гэж бодон суулаа. Дэвтрийг нь өгөн, тавьсан
F дүнгийнхээ талаар юм хэлэлгүй суулгалаа.

Шинэ хичээл зааж, дасгал ажиллуулчихаад улаан балаа барин үргэлж түрүүнд ирдэг хүүхдүүдээ хүлээн суутал тэднээс нэг нь ч босч ирсэнгүй. Ангийн дарга хийгээд дуусчихсан нь илт, хоёр тийш харц нь гүйгээд, тогтож суухгүй байгааг анзаараад “Тунгаа миний охин хийж дууссан уу” гэтэл үгүй гээд толгой сэгсэрлээ. Тэгтэл гавькуу Гялбаа тээр хойноос, өөрийн эзэнт гүрэн болсон хогийн савны булангаас, олон хүүхдийн дундаас өндийн босч ирээд шийдэмгий гэгч нь алхаж ирээд дэвтрээ шалгуулж байна. Зүүдэлж байна уу даа гэж бодоод зүггүй нөхрийн дэвтрийг шалгатал дүүрэн алдаатай хуулан бичлэг хийгээд иржээ. Багш ч улаан балаараа дэвтэр дээр нь шулуун зураас татах шахан тэмдэглэгээ хийн алдааг нь засаад “Миний хүү сайн байна, алдаагаа сайн хянаж бай” гээд явууллаа.

Хоёрдугаар цаг орж үсэг, үгийн ертөнцөөс нэмж хасах үйлдлээр холбогдсон тооны ертөнц рүү сурагчидаа хөтлөлөө. Хичээлээ заачихаад бодлого бодуулан, сонин гарчиглаж суутал сонингийн цаанаас нөгөөх үхэрт долойлгосон үс гялтайлаа. Гялбаа хүү дахиад зогсож байх нь тэр. Дэвтрийг нь аван шалгатал зөв гэх үйлдэл нэгийг ч хийгээгүй байсан тул - тэмдэг тавиад буцаав. Энэ мэтчилэн эхний дөрвөн цагийн хичээл ороход Гялбаа бүгдэд нь түрүүлж шалгуулан, муу үнэлгээ аван буцаж суусаар хичээлийн сүүлийн цагтай золголоо. Багш сүүлдээ залхан 5 дугаар цаг дээр Гялбааг босч ирэхийг хүлээж суулаа. Бодож байсанчлан Гялбаа босч ирээд, самбарын өмнө зогсон цээжилсэн шүлгээ шалгуулахаар уртаа амьсгал аваад эхний дөрвөн мөртийг цээл хоолойгоор уянгалуулан, тааз өөдөө харан сайхан уншлаа. Дараагийн мөрт рүү орохдоо урд хойно нь оруулж эхлэхэд ангийн дарга, салаан дарга, нараас шүлгийг нь шивнэн хэлж өгч байлаа. Багш энэ байдлыг харж тэсэлгүй Гялбаад хандан “Гялбаа чи дахиад үймүүлж байна уу? Даалгавраа сайн хий, дасгалаа сайн нягт ажилла, битгий бусдадаа сайд бол, дараагийн хүүхэд шалгуул” гэж хэлтэл өөдөө харсан харц нь өмнөх хүүхдийн гутал руу чиглээд, уртаар авсан амьсгал нь хагарсан шаарын хий шиг гарч, нүднээс нь нулимсан дуслууд урсан бондгор хацрыг нь даван ангийн шалан дээр бөг бөг хийтэл дусалж гарлаа. Багш гайхаад “Гялбаа чи юунд уйлав гэтэл” чичирхийлсэн хоолойгоор ихэр татан “ Багшаа би шүлгээ дахиад уншъя тэгэх үү. Би өнөөдөр заавал онц авах ёстой” гээд цааш үгээ үргэлжлүүлж чадсангүй, уйлж эхлэв. Гэтэл цаанаас нь ангийн дарга “Багшаа өнөөдөр Гялбаагийн ээжийн төрсөн өдөр болж байгаа юм. Гялбаа өнөөдөр үймүүлэхгүй сайн хүүхэд байж, хичээлдээ онц дүн аваад ээжийнхээ ачийг хариулж бэлэг барих гэж байгаа юм” гээд цангинасан хоолойгоор хэллээ.

Гялбаа ангийнхандаа хичээл орохоос өмнө “Өнөөдөр миний ээжийн төрсөн өдөр. Тийм болохоор та нар үймүүлж болохгүй, та нар үймүүлбэл багш уурлаад надад онц дүн тавихгүй. Би онц дүн авахгүй бол ээжийнхээ ачийг хариулж чадахгүй, төрсөн өдрийн бэлэггүй гэртээ харина” гэж зарлигдаж, үймүүлэхгүй гэсэн үгийнх нь хариуд ангийн дарга түүнд дүн авах боломж хайрлаж энэ бүх явдал болсон байжээ.

Багш нулимсыг нь арчаад дахин шүлгийг нь уншуулахад гацсан мөрийг ангийн хүүхдүүд хамт түрэн уншиж Гялбаа хүү онц дүнтэй дэвтэртэй, мундаг хүмүүжилтэй байсан гэх багшийн магтаалтай, нүүр дүүрэн инээмсэглэлтэй ээжийнхээ ачийг хариулахаар бэлгээ тэврэн гэр лүүгээ яаран гүйжээ.


2 comments: